Tuesday, April 26, 2011

Бүгд Найрамдах Монгол Ард Улс

Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтын нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан Догсомын Бодоо, Солийн Данзан нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. 1928 онд Хорлоогийн Чойбалсан удирдагч болжээ. Тэрээр хувийн өмчийг хурааж, шашинд дайсагнаж, 1937 оноос эхлүүлсэн Их Хэлмэгдүүлэлтэд 30,000 гаруй хүн алагджээ.
БНМАУ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д тусламж илгээж байсан ба 1939 оны Халх голын дайнд ЗХУ, Монголын хамтарсан хүчин Японы хүчинг дийлжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд дайн зарласан байна. 1945 онд Иосиф Сталин, Чан Кайши нар Японы эсрэг хоорондоо холбоо тогтоож, энэ үед Бүгд Найрамдах Хятад Улс нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдахад 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.
1952 оны 1 сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан Москва хотод нас барахад Юмжаагийн Цэдэнбалд эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ. 1961 онд НҮБ-ийн гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох болжээ. Харин яг энэ үед буюу 1960-аад оноос ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа таслагдаж Монгол нь ЗХУ-тай нэг тал болжээ. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэссэн ч гэсэн Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж, бичиг үсэг мэдэх байдал ихэсчээ. 1984 онд Цэдэнбал Москвад айлчилж байхад нь түүний өвчин Их Хурлыг шинэ удирдагч Жамбын Батмөнхийг сонгоход хүргэжээ.

No comments:

Post a Comment