Tuesday, April 26, 2011

Кидан

1025 онд, Киданы үед
Кидан буюу Хятан нар нь 4, 5-р зууны үед Цагаан хэрмийн хойно нүүдэллэн амьдарч байсан ба үүний улмаас нүүдэлчин ард иргэдээс хамгийн их хятадчлагдсан нь байлаа. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ.
Киданчууд нь Солонгос, Манжуур, мөн Хэрлэн, Туул, Орхон голын хөндийнүүдийг захирч байжээ. Улам хүчирхэгжиж Хятадыг эзлэж эхлэснээр Ляо гүрэн хэмээн нэрийдэх болжээ. Кидан улс нь хоёр янзын амьдралтай иргэдээс тогтож байжээ: хойд талдаа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг ард, өмнөд талдаа газар тариалан эрхэлдэг ард. Энэ 2 хэсэг нь бие биентэйгээ худалдаа наймаа өргөн хийдэг байжээ.
Киданчууд нь ханз бүхий киданы их бичиг, цагаан толгой бүхий киданы бага бичиг хэмээх хоёр төрлийн бичигтэй байжээ. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. Киданчууд бөө мөргөлөөс арай холдож, буддизм шашинтай байжээ.
Кидан улс өмнөд талаараа Хятадын Сүн гүрэнтэй Шаньси мужаар хиллэн, 200 орчим жилийн турш зүрчидийн Алтан улс байгуулагдах хүртэл оршин тогтножээ. Зүрчидэд цохиулж Бээжинг булаалгасан киданчууд дүрвэсээр 1128 онд Кашкарт хүрч, тэндээ чухал үүрэг гүйцэтгэсэн Хар Киданы хаант улсыг байгуулжээ.

No comments:

Post a Comment