Tuesday, April 26, 2011

Ардчилал

1989 оны 12 сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагснаар ардчилах хөдөлгөөн эхэлжээ. Удалгүй Монголын Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Ногоон Нам, Монголын Чөлөөт Хөдөлмөрчдийн Нам гэсэн ардчилсан намууд байгуулагджээ. 1990 оны 3 сарын 7-9-ны хооронд Монголын Ардчилсан Холбооны гишүүд өлсгөлөн зарласнаар МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо огцорч нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны эхлэл тавигджээ. 1990 оны 7 сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал тогтжээ. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталжээ. 1993 оны 6 сарын 6-нд анхны шууд ерөнхийлөгчийн сонгууль болжээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс

Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтын нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан Догсомын Бодоо, Солийн Данзан нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. 1928 онд Хорлоогийн Чойбалсан удирдагч болжээ. Тэрээр хувийн өмчийг хурааж, шашинд дайсагнаж, 1937 оноос эхлүүлсэн Их Хэлмэгдүүлэлтэд 30,000 гаруй хүн алагджээ.
БНМАУ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д тусламж илгээж байсан ба 1939 оны Халх голын дайнд ЗХУ, Монголын хамтарсан хүчин Японы хүчинг дийлжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд дайн зарласан байна. 1945 онд Иосиф Сталин, Чан Кайши нар Японы эсрэг хоорондоо холбоо тогтоож, энэ үед Бүгд Найрамдах Хятад Улс нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдахад 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.
1952 оны 1 сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан Москва хотод нас барахад Юмжаагийн Цэдэнбалд эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ. 1961 онд НҮБ-ийн гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох болжээ. Харин яг энэ үед буюу 1960-аад оноос ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа таслагдаж Монгол нь ЗХУ-тай нэг тал болжээ. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэссэн ч гэсэн Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж, бичиг үсэг мэдэх байдал ихэсчээ. 1984 онд Цэдэнбал Москвад айлчилж байхад нь түүний өвчин Их Хурлыг шинэ удирдагч Жамбын Батмөнхийг сонгоход хүргэжээ.

Богд Хаант Монгол Улс

 

Богд хаан
20-р зууны эхнээс Чин улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг Хятадад нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн 1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн монголын хаад ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг 8 сард Хаант Орос улсын Санкт-Петербург руу илгээжээ. Энд Оросууд тусалцаа өгөх болно гэж шийдвэрлэж Монголд эргэн ирэхэд нь Хятадад хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасч байсныг далимдуулж 1911 оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.
1913 онд Өвөр Монголыг шинээр тусгаар тогтносон Монгол улстай нэгтгэхээр цэргүүдийг явуулсан ч, Хаант Орос, Дундад Иргэн Улс дарамт шахалт үзүүлснээр цэргүүдээ татжээ. Иймд Монгол нь тусгаар тогтнолоо зарласан ч гэсэн үнэн хэрэгтээ Хаант Орос, Дундад Иргэн Улсын шахалтад байснаар 1915 оны Гурван улсын гэрээнд Монгол улсыг ДИУ-ын автономит болж тусгаар тогтнол нь устжээ.
Харин Орос дахь Октябрын хувьсгалыг Хятадууд ашиглаж Монгол руу цэрэг илгээн 1919 онд Монголын автономийг устгах гэрээг хүчээр зуруулжээ. Энэ нөхцөл байдалд Монгол Ардын Нам (МАН) байгуулагдаж, Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр болжээ. Энэ үеэр Барон Унгерн фон Штернберг Хүрээг эзлэж, 1921 оны 3 сард дахин Хятадаас тусгаарлаж 7 сарын 6-нд хаант засгыг байгуулж, хятад цэргүүдийг хөөжээ. Харин 1921 оны 7 сарын 6-нд МАН, Зөвлөлтын цэргүүд Хүрээг эзлэж, шинэ засгийн газрыг байгуулжээ. Дараагийн хэдэн жилүүдэд ЗОУ-ын нөлөө улам ихэсч, Богд хаан нас барсны дараахан 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглажээ.

Манжийн дарлал

17-р зууны үеэс Монголын хааны эрх мэдэл маш суларчээ. Сүүлийн хаан Лигдэн нь Цахарын Лигдэн нэртэй болсон нь бүх Монголыг бус зөвхөн Цахарыг л удирдлага доороо байлгаж чадсаны шинж юм. Ингэснээр Монгол нь олон ноёдын эзэмшил болон хувирч, цэргийн нэгдсэн хүч гаргаж чадахгүй болжээ.
Энэ үеэс зүүн зүгт Манжууд хүчирхэгжжээ. 1636 онд одоогийн Өвөр Монголыг эзэлжээ. 1691 онд Халхыг 1750 онд Зүүнгарын хаант улсыг Манжууд буюу Манж Чин улсын захиргаан дор оруулжээ. Ингэснээр Монгол нь 1911 он хүртэл дараагийн 220 жилийн турш Манж Чин улсын дарлалд оржээ. 1755 онд бас Баруун буюу Ойрад Монголыг захиргаандаа авчээ.

Эзэнт гүрний бутрал


Их Монгол Улсын тэлэлт ба бутрал
Хубилай хаан нь Хятадад Юан династиг (1271-1368) байгуулж өөрийгөө Их хаанд өргөмжлөн нийслэлээ Даду буюу одоогийн Бээжинг болгосноор Их Монгол улсын бутрал түргэсжээ. Их Монгол улс нь:
болж бутарчээ.

Дөчин дөрвөн хоёр

Юан гүрэн зуу гаруй жилийн турш оршин тогтносоор 1368 онд Мин улсаар солигджээ. Ингэснээр Монголчууд умард зүг рүү төрөлх нутаг руугаа зугтжээ. Мингийн арми тэдгээрийг хөөж Монголд ялалт байгуулсан ч гэсэн Монголыг эзлэж чадсангүй. Гэлээ ч гэсэн 1380 онд Каракорум болон бусад Монголын хотуудыг сүйтгэжээ. Мөн Монголчуудын олж авсан соёлын дэвшил хөгжлийг устгаж, Монголчууд XVI-XVII зууны сэргэн мандалт хүртлээ Их Монгол улсын өмнөх нүүдэлчин амьдрал руугаа эргэн оржээ. Өмнөхөөс ялгаатай нэг гол зүйл нь овгийн зохион байгуулалт биш, отог буюу газар нутгийн байршлын зохион байгуулалттай амьдрах болжээ.
Энэ үед Монголчууд ерөнхийдөө дөрвөн түмэн ойрд, халх гэж хоёр хуваагджээ. 1393 онд үхсэн Ойрадын ноён болох Мөнхтөмөрийн гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Монголын хаанд захирагдахгүйгээ зарлажээ. Ингэснээр тэд тусгаарлаж, Мин династийнхан аль хүч багатайд нь туслаж, нөгөөг нь дарах бодлого явуулж байлаа.
1418 онд Тогоон тайш гэгч ноён Ойрадыг удирдахаар боллоо. Тэрээр бүх Монголыг нэгтгэж Тайсуныг хаан болгоод өөрөө тайши (шадар сайд) нь болжээ. Түүний дараа хүү Эсэн тайши нь хятадтай дайтахаар болж байсан ч Тайсун хаан эсэргүүцэж больжээ. Тайсун хаан 1451 онд алагдснаар өөрийгөө хаанаар зарлажээ. Эсэн тайши Моголистантай байнга дайтаж байсан ба 1455 онд бослого гаргагчдад алагджээ.
Монголыг дахин нэгтгэж чадсан бол Чингис хааны удам Батмөнх Даян хаан юм. Түүний өмнө хаан байсан Мандуул нь хүүгүй байсан тул бага хатан Мандухай Батмөнхтэй сууж түүний нэрээр улсыг захирч байжээ. Мандухай нь Ойрадыг цохин Монголыг нэгтгэж чадсан ч Батмөнх нас барсны дараа Монгол буцаад өмнөх хэвэндээ оржээ.
XVI зууны үед Монгол нь Мандухай хатны үр удмууд дунд Халх, Цахар, Түмэд зэргээр хуваагджээ. Даян хааны ач Алтан (1507-1582) жинхэнэ хааны хажууд өөрийгөө ханд өргөмжилжээ. Тэрээр Хятад руу дайрч 1550 онд Бээжинд халдаж, Мин улстай найрамджээ. 1557 онд Хөх хотыг байгуулжээ. 1577 онд Төвдөд очиж Төвдийн Дээд лам Содномжамцтай уулзаад анх Далай лам гэдэг цолыг өгчээ. Энэ цагаас Алтан нь Төвдийн Буддист болжээ. Энэ үед бас Халхын Автай хан ч гэсэн Далай ламтай уулзахаар очжээ. Ингэснээр Монголын ихэнх удирдагчид Буддистууд болжээ. Автай хан 1585 онд хуучнаар Каракорум хотын нутаг дэвсгэрийн орчимд Эрдэнэ Зуу хийдийг байгуулжээ.
XV зууны дунд үе, XVI зууны үед Монголын соёл урлаг дахин хөгжих болжээ.

Их Монгол Улс

Есүхэй баатар Татаруудад хорлогдсоноос хойш Хамаг Монгол нь захирагчгүй байлаа. Түүний хүү Тэмүжин нь хагас өнчин болж бага насандаа асар их зовлон бэрхшээлийг туулжээ. Түүний эх Өэлүнг Мэргидийн Чилэдүгээс эцэг нь авсны өшөөнд Мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинг авсан байна. Эхнэрээ аврах гэж Тэмүжин эцгийн анд Ван хан Тоорил, өөрийн бага насны анд Жамухын тусламжтайгаар Мэргидийг сөнөөжээ. Энэ хэрэг явдлаар Хамаг Монгол дотроо Тэмүжиний нөлөө ихээр ихэсч анд Жамухатай өрсөлдөөн эхлэжээ. 1189 онд түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан нэртэй болжээ. 1206 он хүртэл Тайчууд, Жүрхин, Татар, Найман гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэжээ. Ингэснээр Онон голын орчимд хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг (Ехэ Монггул Улус) зарлан тунхагласан байна. Чингис хаан нь 1206-1227 оны хооронд Тангууд, Хорезм, Хар хятан, Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Түүнийг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази багтаж байв. Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ. Чингис хаан Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлжээ. Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэл газар нутаг, Цагадайд Эрчисээс Балхаш нуур, Төв Ази, дорнод Персийг, Өгэдэйд Зүүнгар, Манжуур, хойд Хятад, отгон хүү Тулуйд Монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ.
Их Монгол Улс үүссэн байдал
Өв залгамжлагч Өгэдэй хаан (1229-1241) нь гүрнийг улам тэлж, нийслэл Каракорум буюу Хархоринг байгуулжээ. Түүний удирдлага доор Их Монгол улс нь Чингис хааны дуусгаагүй Алтан улсыг эзлэж, баруун Ази, Европ руу улам тэлжээ. Өгэдэй хааныг нас барсны дараа Чингисийн үр удмууд нь нэг талдаа Зүчи, Тулуйн удмынхан нөгөө талдаа Өгэдэй, Цагадайн удмынхан гэж хоёр хуваагджээ. Өгэдэй хааны дараа 1236 оны Их хурилдайгаар түүний хүү Гүюгийг хаан (1236-1248) ширээнд залжээ. Гүюгийн дараа 1251 онд Тулуйн хүү Мөнхийг хаан (1251-1259) ширээнд суулгажээ. Мөнх хаан нь өөрийн дүү Хүлэгүг Персийг дайтахаар явуулж тэрээр 1257-1259 онуудад Персээс гадна Багдад, Кавказ, Сириг өөрийн эрхшээлдээ оруулжээ. 1260 оны Их хурилдайгаар Мөнхийн дүү Аригбөхийг хаан ширээнд залсан боловч ах Хубилайтай 1261-1266 онд нас барах хүртлээ тэмцэлджээ.

Монголын үе

12-р зууны байдал

12, 13-р зууны эхээр одоогийн Монгол нутагт нэгдсэн захиргаагүй, бие биентэйгээ өрсөлдөгч олон биеэ даасан аймгууд оршин тогнож байжээ. Эдгээр нь гол төлөв Монгол, Түрэг, Манж гаралтай байсан бөгөөд тоочвол:
тус тус байлаа.
Хожим нь эдгээрээс Хамаг Монгол давамгайлжээ.
Хамаг Монголын хаан Боржигин овгийн Хабул хан нэг хэсэг хүчирхэгжиж байснаа дараагийн хэдэн үедээ дарагджээ. Түүний дараа Тайчуудын Амбагай хан цолыг авчээ. Амбагай хан охиноо Татарт өгөхөөр явж байхдаа Татаруудад олзлогджээ. Тэдгээр нь Амбагайг зүрчидэд өгч цаазалжээ. Энэ үеэс Татаруудад өш хонзонтой болж, Хабул хааны хүү Хутуг дараа нь Хамаг Монголын ханд өргөмжлөгдөхөд Татарын эсрэг 13 удаа дайтжээ. Хутуг хааны хожмын удирдагчид нь Хамаг Монголын хан цолгүй байсан нь хүч суларч байсны шинж болно. Хутулын ач Есүхэй баатар нь 1171 онд Татаруудад хорлогдон нас баржээ. Энэ үед түүний хүү Тэмүжин 9 настай байсан ба Монголын эзэнт гүрнийг үндэслэгч болсон байна. Харин 1189 он хүртэл Хамаг Монгол ямар ч удирдагчгүй, зохион байгуулалт байхгүй байлаа.