Tuesday, April 26, 2011

Их Монгол Улс

Есүхэй баатар Татаруудад хорлогдсоноос хойш Хамаг Монгол нь захирагчгүй байлаа. Түүний хүү Тэмүжин нь хагас өнчин болж бага насандаа асар их зовлон бэрхшээлийг туулжээ. Түүний эх Өэлүнг Мэргидийн Чилэдүгээс эцэг нь авсны өшөөнд Мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинг авсан байна. Эхнэрээ аврах гэж Тэмүжин эцгийн анд Ван хан Тоорил, өөрийн бага насны анд Жамухын тусламжтайгаар Мэргидийг сөнөөжээ. Энэ хэрэг явдлаар Хамаг Монгол дотроо Тэмүжиний нөлөө ихээр ихэсч анд Жамухатай өрсөлдөөн эхлэжээ. 1189 онд түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан нэртэй болжээ. 1206 он хүртэл Тайчууд, Жүрхин, Татар, Найман гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэжээ. Ингэснээр Онон голын орчимд хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг (Ехэ Монггул Улус) зарлан тунхагласан байна. Чингис хаан нь 1206-1227 оны хооронд Тангууд, Хорезм, Хар хятан, Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Түүнийг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази багтаж байв. Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ. Чингис хаан Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлжээ. Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэл газар нутаг, Цагадайд Эрчисээс Балхаш нуур, Төв Ази, дорнод Персийг, Өгэдэйд Зүүнгар, Манжуур, хойд Хятад, отгон хүү Тулуйд Монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ.
Их Монгол Улс үүссэн байдал
Өв залгамжлагч Өгэдэй хаан (1229-1241) нь гүрнийг улам тэлж, нийслэл Каракорум буюу Хархоринг байгуулжээ. Түүний удирдлага доор Их Монгол улс нь Чингис хааны дуусгаагүй Алтан улсыг эзлэж, баруун Ази, Европ руу улам тэлжээ. Өгэдэй хааныг нас барсны дараа Чингисийн үр удмууд нь нэг талдаа Зүчи, Тулуйн удмынхан нөгөө талдаа Өгэдэй, Цагадайн удмынхан гэж хоёр хуваагджээ. Өгэдэй хааны дараа 1236 оны Их хурилдайгаар түүний хүү Гүюгийг хаан (1236-1248) ширээнд залжээ. Гүюгийн дараа 1251 онд Тулуйн хүү Мөнхийг хаан (1251-1259) ширээнд суулгажээ. Мөнх хаан нь өөрийн дүү Хүлэгүг Персийг дайтахаар явуулж тэрээр 1257-1259 онуудад Персээс гадна Багдад, Кавказ, Сириг өөрийн эрхшээлдээ оруулжээ. 1260 оны Их хурилдайгаар Мөнхийн дүү Аригбөхийг хаан ширээнд залсан боловч ах Хубилайтай 1261-1266 онд нас барах хүртлээ тэмцэлджээ.

No comments:

Post a Comment